top of page

ХАЙРТАЙ НАЙЗ МИНЬ

  • Writer: Bolor Gnblg
    Bolor Gnblg
  • Feb 26, 2017
  • 2 min read

Цээлийн ус цалгиж, цэгээн чулуу хагарав. Тэнгэр нурж, газар цөмрөх мэт аймшигт хагацал биднийг цаг бусаар дайрлаа. Яасан ч хэцүү хорвоо вэ? Гадаа хүйтэн байна. Гэхдээ бид даараагүй. Найз чинийхээ, бидний төлөө зориулж хураан хуримтлуулж үлдээсэн сэтгэлийн халуун илчээр дулаацаж, чамайгаа хайрлах, харуусан шимшрэх гүн гунигт бодолдоо дүрэлзэн шатаж зогсоно. Эхэлсэн бүхэн дуусч, төрсөн бүхэн оддог нь хорвоо ертөнцийн жам боловч найз минь даан ч эрт явлаа даа. Бурхан тэнгэр чамд минь хосгүй авьяас чадвар, эгнэшгүй эрч хүч, хүний төгс бүхнийг хангалттай хайрласан боловч нас сүүдрийг хэтэрхий харам заяагаа юу... Бурхны дутаасныг нөхөж болдоггүй болохоор энэрэлгүй хатуу хорвоогийн энэ хатуу үнэнтэй эвлэрэхгүй гээд хаачих ч билээ. Чи минь найз нөхдөдөө төрөлх уулс шигээ нөмөр нөөлөгтэй, Говь шиг бүлээн дулаан түшигтэй эрхэм нөхөр билээ. Авьяас билэгтэнд түгээмэл байдаг аагирхуу омголон биш хүнлэг нинжин чанар, хүүхэд шиг инээсэн дөлгөөхөн төрх чамайг мэдэх хүн бүрийн ой тойнд хоногшин үлджээ. Аливаа нэг ажлыг барьж авбал ард нь гарч санаа амардаг ажилсаг бүтээлч зан чинь бусдад сайн сайхан, өөдрөг бүхний үлгэр дууриал болдог байлаа. Найз минь энэхэн насандаа хийхээ хэнээс ч дутахгүй хийж, хэлэхээ хэнээс ч эмээхгүй хэлж, утга төгөлдөр, учир төгс амьдарч чадлаа. Билэг танхай авьяас чадвар,сийрэг талбиу ухаан, сэнтий өндөр хүмүүжил, үлэмж торгон мэдрэмж, он цагаас түрүүлсэн бүтээлч сэтгэлгээ нэгэн биед хуран цогцолсон нь гайхалтай бөгөөд бахдам. Нийгэмд бугшсан бурууг тасын нүдээр олж харж, нийтийг түгшээсэн шударга бусыг үнэний хурц илдээр цавчин, гэгээн гэрэлт ирээдүйг дөтлөн ойртуулахын төлөөх урлаг хэмээх зүйлийн тогоруун цувааны түүчээ нь болж, даль жигүүрээ хүчтэй нь аргагүй дэвэн, өндрөөс өндөрт омог бардам нисэж явсан. Нийгмийг бузарласан идээ бээрийг шахан, элдэв явдлын эрээн барааны донжийг нүдэнд бууж, чихэнд сонсогдон, сэтгэлд хоногштол уянгалуулж туурвисан тайз, дэлгэцийн олон чамбай бүтээлийг Монгол түмнийхээ оюуны далайд нэмэрлэн, Монголын соёлд өөрийн гэсэн орон зайтайгаар товойн тодорсон жинхэнэ уран бүтээлч гарцаагүй мөн билээ, найз минь. ...он цаг алслан холдох тусам тодрон гэрэлтэх болно... Уй гашуу, уйтгар гунигаа илэрхийлэх олны хөл хэний ч шахалт, шаардлагагүйгээр тэр нэгэн харамсалт өдрөөс хойш тасарсангүй ээ. Чамайг минь сайн хүн, зөв хүн, авьяас билэгтэн гэдгийг бид чинь хэлүүлэлтгүй мэддэг, хүндэтгэдэг, хайрладаг. Сайн нэр хамгийн үнэт баялаг. Сайн нэрийг үлдээж чадсанаар чинь, сайн мөрийг үлдээж орхисноор чинь бид бахархаж байна. Яасан аугаа их бахархал вэ. Бүтээн буй болгосон бүхнийг чинь чих нэгт, үйлс нэгт нөхөд чинь үргэлжлүүлэн авч явна гэдэгт итгэж найдаж байна. Монгол Улс нэгэн авьяастнаар дутлаа, нэгэн эрэмгий хөвгүүнээрээ дутлаа, бид найз чамаараа дутлаа. Чамтайгаа утсаар ярьж инээлдэхгүй, уулзан ярьж хөхрөлдөхгүй, сайхан дурсамжийнхаа шарласан хуудсыг хамтдаа эргүүлэхгүй гэж бодохоор өр зүрх зүсэгдэж, өмрөн тасрах шиг болж байна. Тэнэг, мангараараа дуудуулаад машины цонх мөргөж шоолуулаад ч болтугай барааг чинь харж, сүрд чинь дарагдан байх юмсан... алсаас ч болов бараадан явах хүсэлтэй биднийгээ орхин одлоо доо чи минь. Найз минь бид бүхнийхээ сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэгээн оюун, авьяас билэг, цуцашгүй хөдөлмөрөөрөө бүтээсэн мөнхийн бүтээлээрээ ард түмнийхээ ой ухаанд чи мөнх оршиж үлдэнэ. Эх нутгийнхаа алтан хөрсөнд амгалан нойрс доо найз минь.

Оршихуйгаараа намайг жаргалтай болгодог чамдаа

Хайртай.

2017.02.26


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Comments


bottom of page