top of page

Даарахгүй гэсэндээ яарахгүй байж чаддаггүй хүмүүсийн зан ч юм уу.

  • нтр
  • Sep 6, 2018
  • 1 min read

Намрын саарал өдөр. Хүн бүр сэтгэлрүүгээ өнгийж, өөрийнхөө мөн чанарыг тунгаан бодож, зарим нэгэн нь “банштай цай” мөрөөдөн хөнгөн гуниглаж суудаг, шаргал навчис газарт хөглөрч цасны устай холилдон өнгөө алдчихдаг намрын байдаг л нэг саарал өдөр. Цамцныхаа энгэрийг зөрүүлэн барьж, мөрөө хавчсан, гадуур хувцасныхаа захыг чихээ хүртэл дээш татаж гараа зөрүүлэн эвхсэн хүмүүс зөрөлдөн алхах их хотын гудамж. Ажил, гэр, сургууль. Гэрлүүгээ яарах амьдралын хэмнэл хүйтнийг зарлах ийм өдөр илүү хурдасдаг байх. Даарахгүй гэсэндээ яарахгүй байж чаддаггүй хүмүүсийн зан ч юм уу.

Орон сууцны байруудын голд олны хөлийн дунд байрлах цэцэрлэгийн модон сандал дээр нэг л хүн саарал өдрийг таалан байгаа мэт тайван сууна... Тэрээр амьдралд үзэх бүхнээ үзсэн, одоо зөвхөн үхлийг л хүлээж байна уу гэмээр гунигт нүдээрээ орчин тойрныг ажна. Духныхаа үрчлээнд тогтсон цасны усыг арчих ч тэнхэлгүй, үгүй ер тэр хурын дусал түүний духан дээр тогтсоныг ажраа ч үгүй байж мэдэх энэ эрд хаа нэг тийшээ яаран тэмүүлэх шалтгаан байхгүй ажээ. Сайжруулан зассан хатуу хучилттай зам дээр цас нэвсийтэл орох ч төд удалгүй хайлж, төрөл бүрийн гутлын мөрд гишгэлэгдэн шалбааг болно. Орчлонд буухдаа ийм ариун цагаахан байтал одоо шавар шавхай болж газарт уусах цас. Бүүдгэр тэнгэртэй өдрийн наран хэзээ жаргасан нь үл мэдэгдэх ч бүрэнхий болох ахуйд өдөр дуусч байгааг хөгшин анзаарлаа. Шанааных нь яс хэрдийж үрчлээтсэн нүүрээ хэдэнтээ илээд, удаан суусандаа хөшиж орхисон өвдөгөө гараараа түшин өвгөн өндийлөө. Хүн бүрийн хөлд дэвслэгдэх навчсыг ажин суусаар үдэш болгосон тэрээр ойролцоох орон сууцны орцоор орж, гурван давхар өөд мацлаа.


 
 
 

Recent Posts

See All
16 November

Өдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...

 
 
 

Kommentarer


bottom of page