Амьдралаас авах зүйл
- Bolor Gnblg
- Sep 14, 2020
- 2 min read

Дургүй зүйлээ хүчээр хийж өөрийгөө бухимдуулж байснаас өөрийн ертөнцдөө эрх чөлөөтэй дүүлэх нь илүү жаргалтай. Амьдралаас юу авмаар байна, юу мэдэрмээр байна тэр бүхнээ авах эрх бидэнд бий. Тэр эрхийн тасалбар дуусах хугацаатай бөгөөд хэзээ дуусахыг нь хэн ч мэддэггүй билээ.
"Хэрвээ чи энэ орчлонгоос буцах өдрөө мэдэж байсан бол, хэрвээ чамд амьдрах хэсэгхэн хугацаа үлдсэн бол юу хийх вэ" гэж бодож үзсэн үү? Залуу сайхан насандаа амьдралыг орхихоор болсон нэгэн охины тухай эмгэнэлт кино саяхан үзсэн юм л даа. Тэр охинд энэ хорвоогоос одохын өмнө хийж үзэх хүсэлтэй зүйлээ жагсаасан нэгэн жагсаалт бий. Жинхэнэ хайртай учрах, дэггүйтэх гээд хийж үзээгүй зүйлээ хийж, энэ хорвоогоос авахыг, мэдрэхийг хүссэн бүхнээ тэр бичжээ. Ингэснээр үхэх өдрөө хүлээж суух биш урсан одож байгаа цаг мөч бүрийг аз жаргалтайгаар хайрлан өнгөрөөх гэсэн зорилготой юм.
Гэтэл бидэнд ч бас хэзээ хүртэл амьдрахаа мэддэг хүн бий билүү. "Зуун жилийн ганцаардал" номын зохиолч Гарсиа Маркес өөрийн гэрээслэлдээ мөн л үүнтэй адил утгатай зүйл бичсэн байдаг. Маргаашийн өдөр хэзээ ч ирэхгүй бол чи ганц инээмсэглэл, ганц тэврэлт, ганц үнсэлт өгөх цаг гаргаагүй сүүлчийн хүсэлтийг нь биелүүлэх дэндүү завгүй явсан тэр өдрийг хараан зүхэх болно...Залуу хөгшин хэн ч бай ялгаагүй маргаашийн өдөр байдаг гэдэгт найдаж болохгүй...Юу мэдэрч байгаагаа хэлж, юу бодсоноо хийж бай...
Аялах дуртай бол үүргэвчээ үүрээд аялалд гарч, дуулах дуртай бол хоолойныхоо хэрээр чанга дуулж, хайртай бол сэтгэлээ илчилж, бүжиглэмээр байвал юуг ч тоолгүй хүссэнээрээ дэвхцэх эрх чөлөө бид нарт өнөөдөр л байна. Дургүй зүйлээ хүчээр хийж өөрийгөө бухимдуулж байснаас өөрийн ертөнцдөө эрх чөлөөтэй дүүлэх нь илүү жаргалтай. Амьдралаас юу авмаар байна, юу мэдэрмээр байна тэр бүхнээ авах эрх бидэнд бий. Тэр эрхийн тасалбар дуусах хугацаатай бөгөөд хэзээ дуусахыг нь хэн ч мэддэггүй билээ.
Recent Posts
See AllӨдөр явж өгдөггүй мөртлөө аль хэдийн 5 хоночихож. Арай гайгүй унтдаг болоод утсаар ярьдаг эгч ч надад нээх нөлөөлөхөө болив. Үнэхээр...
Comments